2011-05-29,19:18

эцэг эх хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой вэ?

 Эцэг эхчүүдээ үүнийг сайн уншаарай. Хүүхэдтэйгээ харьцах талаар зөвлөмж бичлээ шүү.
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, тухайн гэр бүлийн амьдралын хэв маяг нь бусад үндэстэн угсаатнаас ялгагдах өвөрмөц онцлогтой. Эцэг эхчүүдийн ихэнх нь бид хүүхдээ зөв хүмүүжүүлж байна уу? гэсэн асуултыг өөрсөддөө байнга тавьдаг.
Хүүхдээ яаж хүмүүжүүлэх, тэр дундаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, тэдний бие махбодын хөгжил, сэтгэл зүйн онцлог нэг наснаас нөгөөд шилжихэд ямар ямар өөрчлөлт гардагийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болж эцэг эх хүүхдийн хооронд үл ойлголцол, харилцааны зөрчлүүд бий болдог.
Эцэг эхчүүд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Харин хүүхдүүд эцэг эхээсээ юуг илүү их хүсдэг вэ?...
Хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, тэднийг сайн сайхан амьдраасай гэж бүхий л ээж аав нар хүсдэг шүү дээ. Гэтэл хүүхэд ирээдүйд амжилт гаргаж, өөртөө итгэлтэй, бусадтай зөв харилцах чадвартай бие хүн болон төлөвшихөд эцэг эхийн үүрэг оролцоо их байх төдийгүй үр хүүхдээ сайхан амьдралд хүргэх “гүүр” нь болох ёстой юм.
Хүүхэд төрсөн орчин, хүрээлж буй хүмүүсээс байнгад суралцаж хөгждөг. Хүүхдийн сэтгэл зүйчид, “асуудал эцэг эхчүүдэд байдаг болохоос биш хүүхдэд байдаггүй” гэж үздэг. Хүүхдүүд бол эцэг эхчүүдийн хуулбар юм. Тиймээс хүүхдүүддээ эцэг эхчүүд бүх талаараа үлгэр дуурайл үзүүлэх ёстой юм. “Хөрсөнд та ямар ургамлын үр суулгана түүнийгээ л ургуулан хураан авдаг” гэсэн үг байдаг. Хүүхдийн хүмүүжилд хамгийн ихээр түүний гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, тэдний хүүхэддээ үзүүлэх анхаарал халамж, мөн түүнчлэн найз нөхдийн хүрээлэл, тэдний хоорондын харилцаа гээд маш олон зүйлс нөлөөлнө.
Ялангуяа, өсвөр насны хүүхдүүдийн гол онцлог бол бусдыг даган дуурайх, бусдаас үлгэр дуурайл авч байдаг. Хүүхэд өөрийн сонирхол, өөрийн хүндэлдэг хүн бүрээсээ үлгэр жишээ авч, тэдний үгийг байнгад анхааралтай сонсдог. Хүүхдүүд өөрсдийг нь урамшуулахгүй байгаад, үргэлж бусадтай харьцуулж жишиж байгаа нь тэдэнд огт таалагддагүй. Хүүхэд бол эцэг эхээс “ангид ертөнц” гэдгийг л ойлгох хэрэгтэй. Монгол хүүхдүүдийн хувьд тэр бүр эцэг эхтэйгээ нээлттэй харилцаж, өөрийн бодол санааг илэрхийлэх нь ховор. Энэ нь нэг талаар Монгол хүүхдүүдийн онцлог байдаг ч нөгөө талаар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, өөрчлөлт байдгийг эцэг эхчүүд маань анзаарах хэрэгтэй болов уу. Ялангуяа, хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа та маш сайн анхаарах хэрэгтэй.
Тэр юу хүсэж мөрөөдөж байна, түүний сэтгэл юунд шаналж байгааг асууж найз шиг нь нээлттэй харилцах хэрэгтэй.
Нэг удаа нээлттэй харилцаад дараа нь ярьсан бүх зүйлийг буруутгаж, сэтгэл санаагаар унагаах тохиолдол зарим эцэг эхчүүдэд байдаг. Та хүүхэдтэйгээ харилцахдаа “Чинийхээр бол яасан нь дээр вэ?”, “Миний оронд чи байсан бол яах байсан бэ?” гэх мэтээр харилцсан цагт л та хүүхэдтэйгээ “нэг хэлээр” ярилцах болно. Энэ харилцааг бий болгоход Танд эхэндээ хэцүү санагдавч яваандаа хүүхэдтэйгээ зөв харилцаа тогтоох боломж гарна. Зарим хүүхдүүд сэргэлэн цовоо, баяр баясгалантай байж, түүнийгээ байнга илэрхийлж байдаг бол зарим хүүхдүүд тэр бүр сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргахгүйгээр дотроо баярлаж, маш их зүйлийг боддог. Энэ бүхнээс хараад Та хүүхдийнхээ ерөнхий онцлогийг анзаарч харилцаарай. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөрсдийн хүсэл сонирхлоор хүмүүжүүлэх гэж зүтгэдэг. Энэ нь нэг талаараа учир дутагдалтай билээ. Хүүхэдтэйгээ харилцах хамгийн сайн арга бол хүүхдээ сонсох чадвар юм. Таны хүүхдийн бас нэг онцлог бол найз нөхдөө хамгийн түрүүнд тавьж тэд нарыг эрхэмлэж, өөрийн гэсэн нийгмийн байр суурийг бий болгохыг хүснэ. Энэ үед Та түүнд нийгэмд, найз нөхдийн дунд өөрийн байр суурийг бий болгоход тусламж хүргээрэй. Энэ үед таны үүрэг оролцоо ч бас чухал юм. Таны хүүхэд ямар хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөж байгаад байнга анхаарлаа хандуул. Хүүхдийнхээ найзуудыг ч бас хүндэлж чадвал таны хүүхэд танд итгэх болно. Хүүхдэд хайр халамжийг мэдрэх хэрэгцээ маш их байдаг. Хайрыг яаж мэдрүүлэх вэ гэдэгт Та сайн бодсоны эцэст зөв арга замыг сонгоорой. Илүү их анхаарал тавьж, тэднийг сайн сонсож, хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй. Охин чинь ирээдүйн ханиа ааваасаа авсан хайр халамжаар хайрлаж, хүндлэн харилцах болно. Харин хөвгүүдэд ээж нар хайр халамж тавих нь илүү чухал юм. Эцэг эхийн хайр халамжийг мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд бусдад эерэгээр ханддаг. Бид “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэж ярьдаг ч энэ нь нэг талаар учир дутагдалтай юм. Хүүхдүүд хэдийгээр биеэ даасан өөрийн гэсэн хувийн шинж байдаг ч гэсэн биеийг нь төрүүлж өсгөхөөс гадна ухааныг нь төлөвшүүлж хөгжүүлэх нь эцэг эх бидний үүрэг билээ. Ирээдүйд зөв хүн болох эсэх нь эцэг эхээс шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл эцэг эх, үр хүүхдийн харилцаа хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй болов уу. Хэрвээ та хүүхдийнхээ сайн талыг олж харж чаддаг бол, хэрвээ та түүнд анхаарал халамж тавьдаг бол хүүхэд тань өөртөө итгэлтэй амьдралыг үргэлж сайхнаар хардаг хүн болон төлөвшнө гэдэгт Та итгэж болно.Ер нь хүүхдэд байдаг дутагдал бүхэн эцэг эхэд нь байдаг гэдгийг та цаг ямагт санаж яваарай.
                                                                        /Ангийнхаа аав ээжүүдэд зориулав /
бичсэн: munkhbayar төрөл: эцэг эх сурагчдад | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2803

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)